Хуульчид

О.Билгүүн
ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2023 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд Магистрант.
Ажлын туршлага:
- 2021-2023 онд Өмгөөллийн "Монгол Өмгөөлөгч" ХХН-д Өмгөөлөгчийн туслах;
- 2023 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2024 оноос Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" ХХН-д үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал;
- 2025 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- Азийн “ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-г угтсан "A2JX (Access To Justice Exchange)" форум;
- 2024 оны 11 сарын 10-17-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулсан “ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ҮҮРЭГ” сэдэвт салбар хуралдаан;
- 2024 оны 11 сарын 10-17-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулсан “БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ПРАКТИКТ ХУУЛЬЧИЙН ХАРИУЦЛАГА БА ЁС ЗҮЙ” сэдэвт семинар;
- 2024 оны 11 сарын 18,19-ний өдрүүдэд АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Олон Улсын Арилжааны Арбитр” сэдэвт сургалт;
- Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг жил бүрийн Хуульчийн мэргэжлийн сургалт;
- Монголын Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулдаг жил бүрийн Өмгөөлөгчийн мэргэжлийн сургалт.

Д.Гүрдорж
ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 2021-2023 онд Өмгөөллийн "Монгол элч консалтинг" ХХН-д Өмгөөлөгчийн туслах;
- 2023-2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн;
- 2023 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2024 оноос Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" ХХН-д партнер, өмгөөлөгч.

А.Доржсүрэн
Өмгөөлөгч....

Ч.Батнасан
Өмгөөлөгчийн туслах...

Э.Хосцэцэг
ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 2022-2023 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар Хүний нөөцийн мэргэжилтэн;
- 2023-2024 онд "Эрчис ойл" ТӨХХК-д хуулийн мэргэжилтэн;
- 2023 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2025 оноос Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" ХХН-д партнер, өмгөөлөгч.

А.Гантөгс
Өмгөөлөгчийн туслах...
Мэдээ, мэдээлэл
- 2024-9-Р Сар-19
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал үе, үеийн парламентад яригддаг. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудал дэгдэж, олны анхаарлыг татлаа. Хууль зүйн талаас харвал юу болоод өнгөрөв?
-УИХ-ын гишүүн бол ард түмний саналаар томилогддог албан тушаалтан. Энэ албан тушаалтны ажил үүргийн онцлог, ямар нөхцөл журмаар ажиллах вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой бий. Товчхондоо, УИХ-ын гишүүн төрийн үйл ажиллагаагаа л эрхэлнэ. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд сурталчилгааны асуудлыг зохицуулсан. УИХ-ын гишүүн аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэдэг. Нэгэнт ард түмнээс сонгогдож гишүүний тангаргаа өргөчихөөд хувийн бизнес хийх нь энгийн иргэний нүдээр харахад ч ёс зүйгүй үйлдэл. Харин нийгэмд тустай үйл ажиллагаа байвал сурталчилгаа явуулж болно гэж зөвшөөрдөг. Бусад ямар ч тохиолдолд хориглодог. Гишүүний лайв болон бусад мэдээллүүдээр “Би төрийн ажлаа хийж байгаа. Хувь хүн учраас чөлөөт цаг завтай үедээ юу хийх нь миний эрх” гэж буцаад иргэд рүү дайралт хийх маягтай тайлбар өгсөн байсан. Энэ бол маш буруу. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн биеэ авч явахаас ёс зүйн зарчим эхэлдэг. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.
-Яг үүнтэй ижилхэн кейс Засгийн газарт бий. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ салбартаа хувийн компанитай. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймагт үхрийн фермертэй. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын салбарт томоохон компанитай. Түүндээ төрийн томоохон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэсэн шүүмжлэл гараад байна. Эдгээр тохиолдолд ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үү?
-Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь тодорхой албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүд тухайн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол нь төрийн буюу нийтийн ашиг сонирхолтой харшлах, сөргөөр нөлөөлөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хийснийхээ төлөө хувьдаа ашиг хонжоо олох, эдийн болон эдийн бус давуу байдлыг өөртөө юм уу өөрийн хамаарал бүхий этгээдүүд, ойр дотны хүмүүстээ бий болгохыг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг. Таны ярьсан саяны жишээгээр бол хэрэв УИХ-ын гишүүн, сайд нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэр нөхөр, хүүхэд, өөрөө, эдгээртэй хамааралтай хүмүүсээр дам байдлаар компаниас компанийн хооронд хувьцаа эзэмших гэх мэт байдлаар ажиллах нь хуулиар бүрэн хориотой. Үүн дээр гол асуудал нь хууль хангалттай байна. Хариуцлага, хориглолт, хязгаарлалт ч байна. Нийтийн албан тушаалд томилогдсон хугацаандаа ийм үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн хориглолтыг дэлгэрэнгүй заачихсан. Албан тушаалаасаа буусны дараа хоёр жилийн хугацаанд тухайн чиглэлээр хувийн байдлаар ажиллахыг ч хязгаарладаг. Гол нь ашиг сонирхлын мэдүүлгийг гишүүн өөрөө өгдөг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бол УИХ-ын гишүүн өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэдэг. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал надад үүсчихлээ, та бүхэн үүн дээр арга хэмжээ аваач гэж АТГ-т мэдүүлэхээр заачихсан. Харамсалтай нь өөрийгөө барьж өгөх гишүүн битгий хэл жирийн иргэн ч ховор.
-Мэдүүлгээ өгөхгүй бол хариуцлага хүлээлгэх боломж ч байхгүй байх аа?
-АТГ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бусад нийтийн албан тушаалтныг өөрсдөө шалгах бүрэн эрхтэй. Харин гишүүнийг шалгаж болдоггүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаа үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд шалгаж болохгүй, энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж хуульчилсан. Хоёр дахь асуудал нь шалгадаг кейс тохиолдлоо гэж бодоход Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зүйлчлэлээр авч үздэг. Үүн дээр бас томъёолол дутуу. Жишээ нь, нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол гэсэн хэт ерөнхий томъёо хийчихээр шүүх дээр очоод нотлогддоггүй. УИХ-ын гишүүний кейс дээр гараагүй ч орон нутгийн удирдлагууд, өөр бусад нийтийн албан тушаалтнууд дээр гарч байсан удаатай. Бүр цаашилбал хариуцлагын асуудал байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл саяхныг хүртэл санкц буюу хариуцлага яг адилхан байсан. Сошиалд сэвж, ард түмэн босч байж өөрчлөлт оруулсныг та санаж байгаа байх. Гэтэл үүнийг аль 2019 онд Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байсан асуудал.
-Тодруулахгүй юу?
-2019 онд багштайгаа хамт Үндсэн хуулийн 14.1 буюу хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчиж байна. 50 сая төгрөгөөс доош хохирол учруулахаар ял нь 1-5 жил, бас торгох бусад санкцуудтай. 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт 50 саяас дээш хохирол учруулсан ч ялгаагүй дээрхтэй яг адилхан санкцтай. Нэг ёсондоо нийтийн албан тушаалтан таван сая төгрөгийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ч торгуулийн ялтай, 500 сая, таван тэрбумаар асуудал гаргасан ч яг адилхан торгуулийн санцктай. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд энэ буруу. Үндсэн нөхцлөөс хүндрүүлсэн нөхцөлийн ял дагаад хүндрэх ёстой. Ийм байхад Эрүүгийн хууль байгаад нэмэртэй юу, шударга ёсны тухай ярих шаардлага байна уу. Ингээд 2019 онд мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс “Энэ нь Эрүүгийн хуулийн агуулгыг боловсронгуй болгох асуудал байх тул” гээд тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар руу шилжүүлсэн. Тэндээс бидэнд “Байнгын хороон дээр Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс ийшээ шилжүүлж, хурдан зохицуулъя” гэсэн агуулгатай хариу өгсөн. Гэвч тэнд дарагдаад өнгөрсөн. Харин 2023 онд олон нийт сошиалаар сэвж, ард түмэн босч байж өөрчилсөн. Нэг ёсондоо манай улс төрийн албан тушаалтан битгий хэл зарим мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагууд сошиалаар ажлаа хийх гээд байгаа. Үүн дээр хуульчийн зүгээс харамсаж явдаг. Бид сошиалаар, массын үзэл бодлоор ажил хийх албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс биш. Үүнээс гадна УИХ-ын гишүүнийг үйлдэл дээрээ барихыг шалгасан комиссар, цагдаа өөрөө шоронд ороод явдаг жишиг манайд бий. Энэ асуудлаар бас 2019 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог төрийн ажил хийдэг хүн. Гэхдээ илүү дархтай байх ёсгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгсөн. Гэвч өнөө хэр хариу өгөөгүй.
-Ашиг сонирхлын зөрчилтэй нь нийгэмд ил, олон нийт шүүмжилж байна шүү дээ. Энэ тохиолдолд хууль зүйн гаргалгаа бий юү?
-Нэгэнт ард түмнээс сонгогдсон учраас ард түмэн эгүүлэн татах нь жам ёсны асуудал байх ёстой. Манай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ шийднэ гэдэг. Иргэд мянга чарлаад, дороо дэвхцээд нэмэргүй гэсэн үг. Бүрэн эрх рүү нь орж шалгаж болохгүй, тиймээс эрүүгийн хариуцлага тооцох боломжгүйгээс өнөөдрийг хүртэл шүүх цагдаа яаж ч чадахгүй байгаа. УИХ-ын гишүүд өөрсдийгөө суудлаасаа босгох эсэхийг өөрсдөө буюу танхим шийддэг. Танхим мэдээж нэг намын олонх.
Нэг ангийн хүүхдүүд, багын найзууд гэдэгтэй адилхан. Засгийн газрын гишүүний хувьд танхимын дарга буюу Ерөнхий сайд сольж болно. Танхимын тэргүүн багаа бүрдүүлж Засгийн эрхийг барина гэхэд иргэд тэр эрх рүү орох боломжгүй байгаа юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл, элч мөртлөө иргэд төлөөллийнхөө хүнээр төрийн эрхийг барьж чадаж байна уу гэдэг дээр хэрэгжилт байхгүй. Тиймээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгохыг л ард иргэд шаардах ёстой.
Эх сурвалж: www.dnn.mn
- 2024-9-Р Сар-19
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
-Т.Аюурсайхан, Б.ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүхийн шийдвэрийг энгийнээр тайлбарлаж болох уу?
-Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг харахад Уих-ын гишүүн асан т.аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.ганхуягт анхан шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан. Энэ нь мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогдсон гэж үзсэн байна. харин нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ял оноосныг үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсан гээд хэрэгсэхгүй болгожээ. ингэснээр хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “… Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, тэр талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна…”гэсэн агуулга байгаа. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг нүүрсний хэрэгт шүүсэн гэж олон нийт харж байгаа. Юу болчихов?
-Энэ хэрэгт иргэд олон нийт нүүрстэй холбоотойгоор ял шийтгүүлж байна гэж харсан боловч анхнаасаа нүүрсний хэрэгтэй холбогдолтой яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүх дээр нүүрстэй холбоотой асуудал яригдаагүй гэсэн үг. Товчхондоо, иргэд олон нийт Т.Аюурсайхан нарыг нүүрстэй холбоотой буруутгагдсан гэж үзэж байсан боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр үгүй гэдэг нь тодорхой байна.
-Нүүрсний хэргийн тухай яригдаж, бүр улсын төсөвт 40 их наяд төгрөгийн хохирол учирсан тухай улс төр, эдийн засаг гээд бүх шатанд яригдаж ирсэн. Энэ хүмүүс бол 40 их наядын нүүрсний хэргийн холбогдогчид гэж улстөрчдөөсөө эхлээд зарласан шүү дээ?
-Нэгд, миний хувьд энэ хэргийн талаар мэдээлэл өгөх нь хуулиар хориотой. Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууц гэж бий. Тиймээс нарийн ширийнийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Дээрээс нь илэрхий байгаа үйл баримтаас харахад нүүрсний хэрэг гэдэг бол Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шалгаж байгаад шал өөр үндэслэлээр буюу үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угааж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Гэхдээ энэ нь нүүрстэй холбоогүй. Нөгөө талаар цагдаа болон эрх бүхий байгууллагууд тодорхой гэмт хэрэг зөрчил илэрсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүрэгтэй. Үүн дээр хууль хүчний байгууллагаас нүүрстэй холбоотой асуудлыг дараад байгаа гэж ойлгож болохгүй. Нүүрстэй холбоотой асуудлаар ял шийтгээгүй гэдгийг шууд дүгнэх ч боломжгүй. Мөнгө угаасан нь нүүрстэй холбоотой эсэхийг шууд хараад хэлчих боломжгүй. Ямартаа ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр дээр нүүрстэй холбоотой хэлэлцээгүй гэдгийг тайлбарласан байна.
-Тэгвэл нүүрсний хэрэг юу болов, холбогдсон хүмүүс хаачив. Та хуульч хүн, нүүрсний хэргийн сонсголоос эхлээд бүхий л нөхцөл байдлыг харж, дүгнэлт хийж байсан байх?
-Мэдээж хуульд заасан үндэслэлээр гэмт буруутай этгээд гэмээ хүртэх нь зайлшгүй. Тухайн хэргийн талаар бид хөндлөнгөөс, иргэд олон нийтийн үзэл бодлоор дүгнэлт хийж буруу зөвийг шүүх нь буруу. Энэ бол өнөөдрийн монголчуудын дунд, нийгмийн сүлжээнд дэлгэрч байгаа буруу ойлголт, хандлага гэдгийг онцолмоор байна. Дээр хэлснээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж байдаг. Нууцтай холбоотой асуудлыг хэн нэгэн хуульч, тэр хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч дүгнэлт хийгээд иргэд олон нийтэд, сошиалаар, хэвлэл мэдээллээр ярих нь хориотой. Гэхдээ энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулаад байгаа гэсэн ойлголт биш. Хоёрт, энэ хэргийн нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байхад дүгнэлт хийх нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: www.dnn.mn
- 2024-10-Р Сар-15
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
Монголын Хуульчдын Холбоо, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг /2024.10.16/-т Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирмийн 3 хуульч 3 байршилд ажиллахаар боллоо.
Иймд иргэд, олон нийт та бүхэн маргааш буюу 2024.10.16-ны өдрийн 09:00-16:00 цагийн хооронд 7505-0801, 75050802, 75050803, 75050804 утсаар болон Драгон, Баянхошуу, Чингэлтэй /Сэлбэ/-н нэгдсэн үйлчилгээний төвд биечлэн ирж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн:
Драгон салбарт: Хуульч О.Билгүүн;
Чингэлтэй /Сэлбэ/ салбарт: Хуульч, өмгөөлөгч Д.Гүрдорж;
Баянхошуу салбарт: Хуульч, өмгөөлөгч А.Доржсүрэн.
- 2025-8-Р Сар -06
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
Сүүлийн жилүүдэд залуу хосууд болон гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон. Үүнд олон жил хамтран амьдарсан хосууд, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах дүүс ч мөн холбогддог. Энэ бол маш буруу үйлдэл юм. Хэн ч байлаа гэсэн хүний хувийн мэдээлэлд халдах нь хуулиар хориотой.
Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Энэхүү хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Тус хуульд зааснаар хувь хүний захидал харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний эмзэг мэдээлэлд хамаардаг.
Хүний хувийн мэдээллийг зөвхөн хуульд заасан аргаар л олж авах ёстой. Жишээ нь: мөрдөн шалгах үйл ажиллагааны үед болон иргэний, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн хуульд заасан журмын дагуу тухайн хүний хувийн мэдээллийг мэдэх, олж авах боломжтой. Гэсэн хэдий ч хүний хувийн мэдээллийг олж мэдсэн нь тухайн мэдээллийг бусдад задруулж болно гэсэн ойлголт огт биш.
Иймээс хэн ч байсан хувь хүний мэдээлэл буюу цахим хаяг /инстаграм, фейсбүүк гэх мэт/ руу халдах, мэдээллийг нь зөвшөөрөлгүй үзэх, задруулах эрхгүй. Хэдий мэдээллийн эзэн өөрийн цахим хаяг дахь мэдээллийг тухайн этгээдэд үзүүлэхийг зөвшөөрсөн ч гэсэн маш болгоомжтой хандах ёстой.
Гэтэл зарим хүн хайртай учраас нөхрийнхөө/эхнэрийнхээ утсыг шалгаж болно хэмээн ойлгож найз залуу/охиныхоо, эхнэр, нөхөр бие биеийнхээ өөр бусад хүнтэй бичсэн зурвасыг цахим орчинд дэлгэдэг. Тухайн хүн энэ үйлдлээ зөвтгөхдөө энэ намайг хуурсан учраас би олон нийтэд дэлгэсэн хэмээх тайлбарыг өгдөг. Энэ бол хангалттай шалтгаан болж чадахгүй.
Нэгдүгээрт. Хувь хүний эрх чөлөө ба хайр сэтгэл
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйл 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн тодорхой заасан байдаг.
Хэчнээн гэрлэлтээ баталгаажууллаа гээд энэ нь нөгөө хүнийхээ халдашгүй эрх, эрх чөлөө, орон зайд халдаж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэлээс илүү хувь хүний халдашгүй байдал чухал юм. Хувийн харилцааны хувьд халдашгүй байх нь хүний жам ёсны эрх юм. Энэхүү эрх нь заяамал, салшгүй бөгөөд төрөөс тогтоодоггүй, хуулиар хязгаарлах буюу зөрчиж болдоггүй тийм эрх чөлөө юм[1].
Тиймээс хувь хүний халдашгүй байдал бол нэг номерын асуудал. Үүнтэй эн зэрэгцэх зүйл байхгүй. Үүний дараа хайр сэтгэлийн асуудал яригдана. Хайртай байлаа гээд энэ нь нөгөө хүнийхээ үндсэн эрх, эрх чөлөө рүү халдах үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах нь зүй ёсны зүйл биш.
Хайр сэтгэлийн харилцааг хуулиар зохицуулдаггүй. Хэдийгээр Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүрэгтэй гэж байгаа боловч хамтын амьдралынхаа явцад хайр сэтгэлийн холбоо нь хөрөх, эхнэр/нөхөр нь өөр хүнтэй тусдаа амьдрал зохиогоод дундаасаа хүүхэдтэй болсон ийм тохиолдол олон бий. Үүнд хуулиар ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй. Тийм ч учраас хуулиар өөр хүнтэй харилцаа тогтоож, зурвас бичсэн гэдэг үндэслэлээр ял шийтгэл оногдуулдаггүй. Харин та эхнэр/нөхрийнхөө эсхүл найз залуу/охиныхоо өөр хүнтэй харилцсаныг нь цахим сүлжээнд задруулах юм бол ял шийтгэл хүлээх эрсдэлтэй юм.
Хоёрдугаарт. Хариуцлага
Эрүүгийн хуульд гэр бүлийн үнэнч байх үүргээс илүү хүний халдашгүй байх эрхийг дээр эрэмбэлдэг. Тиймээс иргэд маань иймэрхүү асуудлынхаа ялгаа заагийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр таны нөхөр, эхнэр өөр хүнтэй болсон байлаа гээд энэ нь түүний захидал харилцааны болон бусад хувийн мэдээллийг цахим орчинд тавих хангалттай шалтгаан биш. Бүгдийг өөрийн зөв мэт болгох, эсвэл нөхрөө, эхнэрээ цахим сүлжээнд шившиг болгохын тулд ийм үйлдэл хийвэл энэ нь Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах”, мөн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм.
Тодруулбал, хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авсан, мэдээллээ задруулсан бол Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Харин цахим сүлжээнд нийтэлж, зургийг нь тавиад “Чи ийм балиар, заваан амьтан байхгүй юу” гэх мэтчилэн нийтлэх нь өөрөө ялыг улам хүндрүүлдэг бөгөөд 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харамсалтай нь эдгээр хуулийн зохицуулалтыг иргэд олон нийт сайн мэдэхгүйгээс үүдэн энэ төрлийн гэмт хэрэгт маш их холбогддог. Нөгөөтэйгүүр ийм хуулийн зохицуулалт байдгийг мэдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөөд л яваад байдаг тал бий.
Иймээс иргэд та бүхэн өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг хүндэтгэн, цахим орчин соёлтой оролцож өөрийн болон бусдын хувийн мэдээлэлтэй болгоомжтой харьцаж байхыг зөвлөж байна.
[1] Д.Баярсайхан, Эрх зүйн онол, Улаанбаатар хот, 2020 он, 29 дэх тал.
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн зар сурталчилгаанд оролцохыг хуулиар хориглоно.
Эрүүгийн хариуцлага хүлээсэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
Видео контент
- 2024-9-Р Сар-11
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
Сүүлийн үед залуу хосууд, гэр бүлийн дунд эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ бусадтай харилцсан Facebook, Instagram дахь чат, мессеж зэргийг зөвшөөрөлгүйгээр авах, тараах тохиолдол маш их гарч байна.
Гэтэл эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуульд зааснаар Хувь хүний нууцад халдах, Хувь хүний нууцыг задруулах гэх 2 өөр төрлийн гэмт хэрэгт тооцогддог
Тодруулбал, захидал харилцаа гэдэг бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар “хүний эмзэг мэдээлэл”-д хамаардаг онцлогтой.
Гэтэл иргэд, олон нийт хуулийн дээрх зохицуулалтыг мэдэхгүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноор Эрүүгийн хуульд зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаас эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлдэг хуулийн зохицуулалттай.
Ийм учраас иргэд, олон нийт та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, “хүний эмзэг мэдээлэл”-д халдахаас зайлсхийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм
- 2024-9-Р Сар-19
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статистикаас үзвэл шүүхээр орж хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн этгээдүүд маань тухайн тэтгэлгийг төлөхгүй байх тохиолдол маш өндөр хувийг эзэлдэг.
Энэ тохиолдолд тэтгэлэг авагч буюу төлбөр авагч иргэд маань авах ёстой тэтгэлэг дээрээ алданги нэмж тооцуулан авах боломжтой. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуульд зааснаар тухайн тэтгэлэг төлөгч нь хугацаандаа тэтгэлгээ төлөхгүй байгаа тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нэмж тооцуулан авах боломж хуулиар бүрэн олгогдсон байдаг.
Эх сурвалж: Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм
- 2024-9-Р Сар-19
- ЦОГЦ ӨМГӨӨЛӨЛ
Сүүлийн үед барилгын компаниудын зүгээс орон сууц захиалгын гэрээндээ “хүлцэх алдаа” гэх ойлголтыг нэлээд түгээмэл тусгах болсон байна.
Тодруулбал, захиалагчийн хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 2-3 м.кв дутуу байх тохиолдолд үүнийг “хүлцэх алдаа” гэж үзээд талууд маргах эрхгүй гэх зохицуулалтыг тусгах болжээ. Гэрээний энэхүү нөхцөл заалтаас үүдээд иргэд, захиалагч нар маань орон сууцны талбайн хэмжээ дутуу байсан ч маргах эрхгүй хэмээн хохироод үлдэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Гэтэл гэрээний энэхүү нөхцөл, заалт нь Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгч, захиалагчийн эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл байдаг.
Ийм учраас иргэд, захиалагч та бүхэн гэрээний энэхүү нөхцөл, заалтыг үл харгалзан орон сууцны талбайн зөрүүнд ногдох төлбөр мөнгийг буцаан гаргуулах бүрэн боломжтой.
Эх сурвалж: Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм