Хуульч А.Гантөгс: Шүүх тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог.

Хуульч А.Гантөгс: Шүүх тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог.

Гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг. Захиргааны журмаар цуцлуулахад эд хөрөнгийн маргаангүй болон бага насны хүүхэдгүй бол сум, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж захиргааны журмаар цуцлуулна. Харин бага насны хүүхэдтэй болон эд хөрөнгийн маргаантай тохиолдолд заавал шүүхийн журмаар гэрлэлтийг цуцалдаг. Ингээд үндсэн асуудлууд болох гэрлэлт цуцлалт, асрамж, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгө хуваах асуудал яригдана.

Асрамжийн асуудал дээр тухайн хүүхэд долоо болон түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг нь асууна. Өөрөөр хэлбэл, аав, ээжийнхээ хэнтэй нь амьдрахыг хүсэж байгаа эсэх саналыг нь асууж, түүнийг харгалзан шүүх шийдвэрээ гаргадаг. Харин долоогоос доош настай бол санал авахгүй. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг тогтооно. Ингэхдээ бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тогтоодог. 11 хүртэлх насны хүүхэд байвал амьжиргааны баталгаажих түвшний 50 хувиар, 11-с дээш настай бол амьжиргааны баталгаажих доод түвшний 100 хувиар хүүхдийн тэтгэлгийг тогтооно. Үндэсний статистикийн хорооны газрын даргын 2025 оны А/9 дүгээр тушаалаар амьжиргааны баталгаажих түвшнийг шинэчлэн тогтоосон. Амьжиргааны баталгаажих доод түвшнийг Нийслэлд 495,400 төгрөг гэж тогтоосон байна.

Хүүхдийн тэтгэлэг бол хүүхдийн анхдагч хэрэгцээ буюу хоол, хувцас, цэцэрлэг, сургуулийн хэрэглээг нь хангахад зориулагдах ёстой. Төлбөр төлөгч нь тэтгэлгийн мөнгийг зөвхөн өөрийн хүүхдэдээ өгч байгаа шүү дээ. Түүнээс бус хамаатан садан, өвөө, эмээгийнх нь амьдралд дэм болгох гэж төлдөг мөнгө бол биш. Зөвхөн хүүхдийн өсөж бойжих хэрэгцээг хангах гэж тэтгэлгийн мөнгийг тогтоодог. Хүүхдэд зориулах ёстой тэтгэлийн мөнгийг өөр хүмүүсийн хэрэгцээнд зориулж болохгүй. Учир нь шүүх тэтгэлгийн мөнгийг хүүхдэд зориулж тогтоосон болохоос өөр хэнд ч зориулаагүй.

Тиймээс Төлбөр төлөгч нь тэтгэлгийн мөнгө юунд зориулагдсаныг шаардах, хянах эрхтэй. Жишээ нь, нэгэн аав энэ сард хүүхдэдээ 500,000 төгрөг өглөө. Энэ мөнгө миний хүүхдийн хэрэгцээнд зориулагдсан уу, үгүй юу гэдгийг мэдэх эрх бий. Тодруулбал, Хүүхдэд тэтгэлэг өгөх үүрэг байгаа шиг өөрийнх нь төлсөн тэтгэлгийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг мэдэх, хянах эрхтэй.