Мөнгөн зээлийн үйл ажиллагаа ба зээлийн гэрээ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдаж, 2023 оны оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна.
Энэхүү хуулийг барьцаалдан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн харилцаа мөнгө хүүлэлтээс үүдэн гарч буй асуудлууд/зээлийн хэт өндөр хүү, өрийн дарамт/-ыг шийдвэрлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлээс гадуур далд явагдаж буй бичил санхүүгийн үйл ажиллагааг бодлогын хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор баталсан байдаг.
- Бүх зээлийн гэрээг энэ хуулиар зохицуулах уу?
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ”, 4.2 дахь хэсэгт “Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно” хэмээн тус тус заасан байна.
Иймээс тус хуулийн үйлчлэл нь:
- барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд;
- мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнд хамаарах юм.
- Иргэн нэг удаа зээл олгохдоо заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай юу?
Иргэд хоорондоо нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээг байгуулахдаа мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахгүй, харин байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь заавал зөвшөөрөл авна.
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ (ломбард)-ний талаар 2013 онд хийгдсэн эрх зүйн орчны судалгаагаар ломбардын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс зөвхөн нэг талын /зээлдүүлэгчийн/ эрх ашигт нийцсэн үйлчилгээ болж хувирсан бөгөөд энэхүү байдал нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврууд бий болгож байгаа талаар дүгнэсэн байна. Ийнхүү 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт заасныг “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэж өөрчилсөн боловч Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж уг нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон байдаг.
Тодруулбал, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг авч үзэхэд, “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “… 281.3.Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласнаараа Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.
Ийнхүү Иргэний хууль болон Мөнгөн Зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс ялгаж, тус бүрд үйлчлэх нөхцөлийг тодорхойлж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, дураараа зээлийн хүүгийн хэмжээ тогтоож, мөнгө хүүлдэг явдлаас сэргийлж, иргэд, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгч зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга эрхлэхээр бол бүртгүүлэх, бүртгүүлээгүй бол хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар хуульчилсан байна.
Мөн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн нь холбогдох байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авах хэрэв зөвшөөрөл аваагүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “...учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.
- Хүүгийн хэмжээг хэрхэн тогтоосон бэ?
Ломбардууд болон хувиараа зээл олгох этгээдүүд нь зээлийн хүүг дураараа нэмэгдүүлэх, өндөр түвшинд барих, анз (алданги, торгууль) тооцох, цөөн хоногийн хугацаатай өндөр хүү, алдангитай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааны эд зүйлийн үнэлгээг багаар тогтоох, барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг асуудлууд нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагавруудыг үүсгээд байсан билээ.
Иймээс “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-ийн 17 дугаар зүйл, 17.1 дэх хэсэгт “...мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулна” хэмээн хуульчилсан байна. Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хэрэглэх зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах болон хуульд заасан бусад.чиг үүргийг хэрэгжүүлэх юм.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар “ Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар...” тогтоосон байна.
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад хаана хандах вэ?
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд /Санхүүгийн зохицуулах хорооны Зөвшөөрлийн цахим системээр дамжуулан https://license.frc.mn/home / өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
Дээрхээс бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад /Санхүүгийн зохицуулах хорооны Зөвшөөрлийн цахим системээр дамжуулан https://license.frc.mn/home / өргөдөл гаргаж бүртгүүлнэ.