Хуульч Б.Билгүүн: Тусгай зөвшөөрөл гэх ногоон өнгөтэй А4-ийн цаасаар цөөн хэдэн төрийн алба хаагчдыг Монголын ард түмэн олон жил тэжээлээ.
-Эх орондоо бүтээн байгуулалт, үйлдвэрлэл явуулах хүсэлтэй олон хүн байдаг ч Тусгай зөвшөөрөл дээр гацдаг хэмээн иргэд хэлж байна. Тусгай зөвшөөрлийн хууль нь өөрөө өндөр шалгууртай байдаг учраас иргэд авч чаддаггүй юм уу?
-Мэдээж, хуулиараа Тусгай зөвшөөрөл хүн бүрд нээлттэй. Харин бодит амьдрал дээрх хэрэгжилт нь хуулиас зөрүүтэй байгаа учраас иргэд авч чадахгүй байгаа юм. Анх 2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль хэрэгжиж байсан. Энэ хууль бүтэн 21 жил хэрэгжээд, 2022 оны зургадугаар сард хүчингүй болсон. Тус хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 оны зургадугаар сарын 17-нд шинээр баталсан. Одоо иргэд бүх төрлийн үйл ажиллагаа явуулахад хуулиараа заавал тусгай зөвшөөрөл шаардаж байгаа шүү дээ. Хуулийн гол зорилт нь “Үндэсний аюулгүй, санхүүгийн тогтвортой байдал, ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэх, байгалийн баялаг, төрийн өмчийг хязгаартай ашиглахдаа л эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, сунгах, сэргээх, хүчингүй болгоход л” оршиж байгаа. Нийтийн ашиг, тусын төлөө зарим төрлийн үйл ажиллагаанд босго тавих буюу тусгай зөвшөөрөл олгоно гэсэн үг. Тиймээс Тусгай зөвшөөрөлийг хуульчилсан. Мэдээж, дээрх хэрэгцээ бол аль ч улс оронд бий. Шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд, холбогдох газартаа очиход хуулиараа иргэдэд Тусгай зөвшөөрөл олгох ёстой.
-Тусгай зөвшөөрлийн шалгуур ямар байдаг вэ. Мөн ямар тохиолдолд Тусгай зөвшөөрөл олгодоггүй вэ?
-Салбар салбараасаа хамаараад янз бүрийн шалгуур үзүүлэлттэй байдаг. Жишээ нь, барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрөл хүсэж байгаа тохиолдолд гурав болон түүнээс дээш мэргэшсэн инженертэй байх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагын Тусгай зөвшөөрлийн хувьд үндсэн хөрөнгө нь 200 сая төгрөг байх ёстой гэх мэтчилэн шалгуур бий. Үндсэндээ эргээд хариуцлагаа хүлээх чадамж байна уу гэдгийг нь хардаг гэсэн үг. Харин мэргэшсэн инженергүй, эсвэл үндсэн хөрөнгөгүй бол зөвшөөрөл олгодоггүй. Газрын тос, ашигт малтмал гээд бусад салбарт ч ялгаагүй. Гэхдээ үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахаар зорьсон ААН, иргэн хангаж чадах хэмжээний шалгуурыг хуульчилсан байгаа. Инженергүй компани барилга барьж, мөнгөгүй хүн Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулахгүй шүү дээ. Байгалийн баялгаас бусад төрлийн Тусгай зөвшөөрөл дээр бол хязгаарлалт тогтоосон зүйл байдаггүй. Хуулиараа шаардлага хангасан иргэн, ААН Тусгай зөвшөөрөл авах нь тийм ч хэцүү зүйл биш.
-Тэгвэл яагаад иргэд өнөөдрийг хүртэл Тусгай зөвшөөрөл авч чадахгүй бухимдалтай байгаа юм бэ?
-Өнөөгийн манай нийгэмд Тусгай зөвшөөрөл гэх зүйл бараг утгаа алдсан. Хуулиараа шалгуураа хангасан ч тодорхой шалтгаангүйгээр Тусгай зөвшөөрөл авч чадаагүй олон хүн бий. Хуулийн үндсэн чиглэлээсээ хазайгаад бараг 30 жил болчихлоо. Жишээ нь, миний ажиллаж байсан хэрэг дээр гэхэд нэг төгсөлтийн хэдэн инженер найзууд нийлээд олон компани байгуулж, бүгд дээр нь Тусгай зөвшөөрөл авчихсан. Тэгээд барилгын Тусгай зөвшөөрөлтэй олон компаниа тус бүр 60-80 сая төгрөгийн хооронд худалдан борлуулж байсан юм. Хуулийнхаа дагуу төрийн албан хаагчид нь иргэн, ААН-д Тусгай зөвшөөрлөө өгөөд явж байсан бол ингэж бизнес болтлоо хөгжихгүй байсан. Яагаад иргэд энэ сонголтыг хийж байна вэ гэхээр төртэй харилцаж, дарга нарын арга эвийг олж, 60 саяас илүү хээл, хахууль өгч байж Тусгай зөвшөөрөл авснаас хувь хүмүүсээс худалдаж авсан нь дээр гэх маш буруу жишиг тогтчихсон. Эх орондоо үйл ажиллагаа явуулж, баялаг бүтээх гэж буй хүн яагаад мөнгөөр Тусгай зөвшөөрөл худалдаж авах ёстой юм. Төр, эсвэл хувийн компаниас худалдаж авахаас өөр аргагүй байдалд оруулж, залхаан цээрлүүлсний үр дүн шүү дээ. Нөгөө талд төрийн албан хаагчид буюу бидний хэлж заншсанаар хэдэн “хурган дарга” нар нь тусгай зөвшөөрөл олгохдоо заавал ААН, иргэдээс татаас, хээл хахууль авдаг нь бүр энгийн үзэгдэл болчихсон. Хэрэв хээл хахууль өгөхгүй бол иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулдаг.
-Тэгэхээр Тусгай зөвшөөрөл нь эрх бүхий хэдэн хүний эрх ашгийг хангадаг хэрэгсэл болчихсон учраас иргэд авч чадахгүй байна гэсэн үг үү?
- Тийм. Ерөөсөө бол хэдэн хурган дарга нарын хувийн хөрөнгөө бий болгодог бизнес болсон. Нийгмээрээ энэ асуудлыг мэддэг ч өөрчилж чаддаггүй. Үүний үр дүнд хувиараа үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаад, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй олон мянган залуус хохирсон. Тусгай зөвшөөрөл гэсэн ногоон өнгөтэй А4-ийн цаасаар цөөн хэдэн төрийн алба хаагчдыг Монголын ард түмэн олон жил тэжээлээ. Ямар ч үйл ажиллагаа явуулах хүчин чадалгүй хэрнээ танил талаараа, эсвэл хахууль өгөөд ч юм уу Тусгай зөвшөөрөл авчихсан хүмүүс байдаг. Гэтэл бүрэн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай, мэргэжлийн багтай хүмүүс насаараа Тусгай зөвшөөрөл авч чадаагүй явж байна. Үүнийг хүн бүр мэддэг мөртлөө нүдээ аниад өнгөрөөгөөд, хэвийн үзэгдэл болгосон. Яах вэ, сүүлийн жилүүдэд зарим салбарт Тусгай зөвшөөрөл олгодгоо больсон. Шууд үйл ажиллагаагаа явуулдаг болгоё гэх мэт санаачилгууд гаргаж буйг бол би хувьдаа дэмжиж байгаа.
-Тусгай зөвшөөрлийн асуудал дээр дэлхий нийтийн чиг хандлага ямар байдаг вэ?
-Өндөр хөгжилтэй, хөгжингүй орнууд үйл ажиллагаа эхлэхэд Тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Харин үйл ажиллагаа явуулсны дараа хүрээлэн буй орчин, иргэдэд аюул учруулж байна уу гэдэгт л зөвхөн хараа хяналт тавьдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд битгий хэл Зүүн өмнөд Азийн социалист дэглэмтэй орнууд хүртэл иргэдээсээ Тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Энгийн нэгэн тариаланч залуу олон нийтийн гудамжинд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах нь нээлттэй. Гэтэл Монголд эхнэр, нөхөр хоёр найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах ч эрхгүй байна шүү дээ. Баахан бичиг баримт бүрдүүлж, энд тэндхийн хурган дарга нарт мөнгө өгөх шаардлагатай болдог. Иргэдээ хувиараа бизнес эрхлэхийн эсрэг, чөлөөт зах зээлийг боомилсон улс боллоо шүү дээ. Тиймээс миний харж байгаагаар болон дэлхий нийтийн чиг хандлагыг аваад үзвэл Тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй.
Шаардлага хангасан, хангаагүй төрийн бизнес болчихсон гэдгийг бүгд мэдэж байгаа юм чинь одоо больё. Харин үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй гэх шаардлага, хараа хяналтаа сайжруулъя. Иргэдээ бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад болж, босго тавьж, цаг хугацааг нь хугасалдаггүй дэлхий нийтийн чиг хандлагыг манай улс ч дагах хэрэгтэй.