Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш

Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш

Сүүлийн жилүүдэд залуу хосууд болон гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон. Үүнд олон жил хамтран амьдарсан хосууд, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах дүүс ч мөн холбогддог. Энэ бол маш буруу үйлдэл юм. Хэн ч байлаа гэсэн хүний хувийн мэдээлэлд халдах нь хуулиар хориотой.

Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Энэхүү хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Тус хуульд зааснаар хувь хүний захидал харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний эмзэг мэдээлэлд хамаардаг.

Хүний хувийн мэдээллийг зөвхөн хуульд заасан аргаар л олж авах ёстой. Жишээ нь: мөрдөн шалгах үйл ажиллагааны үед болон иргэний, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн хуульд заасан журмын дагуу тухайн хүний хувийн мэдээллийг мэдэх, олж авах боломжтой. Гэсэн хэдий ч хүний хувийн мэдээллийг олж мэдсэн нь тухайн мэдээллийг бусдад задруулж болно гэсэн ойлголт огт биш.

Иймээс хэн ч байсан хувь хүний мэдээлэл буюу цахим хаяг /инстаграм, фейсбүүк гэх мэт/ руу халдах, мэдээллийг нь зөвшөөрөлгүй үзэх, задруулах эрхгүй. Хэдий мэдээллийн эзэн өөрийн цахим хаяг дахь мэдээллийг тухайн этгээдэд үзүүлэхийг зөвшөөрсөн ч гэсэн маш болгоомжтой хандах ёстой.

Гэтэл зарим хүн хайртай учраас нөхрийнхөө/эхнэрийнхээ утсыг шалгаж болно хэмээн ойлгож найз залуу/охиныхоо, эхнэр, нөхөр бие биеийнхээ өөр бусад хүнтэй бичсэн зурвасыг цахим орчинд дэлгэдэг. Тухайн хүн энэ үйлдлээ зөвтгөхдөө энэ намайг хуурсан учраас би олон нийтэд дэлгэсэн хэмээх тайлбарыг өгдөг. Энэ бол хангалттай шалтгаан болж чадахгүй.

Нэгдүгээрт. Хувь хүний эрх чөлөө ба хайр сэтгэл

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйл 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн тодорхой заасан байдаг.

Хэчнээн гэрлэлтээ баталгаажууллаа гээд энэ нь нөгөө хүнийхээ халдашгүй эрх, эрх чөлөө, орон зайд халдаж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэлээс илүү хувь хүний халдашгүй байдал чухал юм. Хувийн харилцааны хувьд халдашгүй байх нь хүний жам ёсны эрх юм. Энэхүү эрх нь заяамал, салшгүй бөгөөд төрөөс тогтоодоггүй, хуулиар хязгаарлах буюу зөрчиж болдоггүй тийм эрх чөлөө юм[1].

Тиймээс хувь хүний халдашгүй байдал бол нэг номерын асуудал. Үүнтэй эн зэрэгцэх зүйл байхгүй. Үүний дараа хайр сэтгэлийн асуудал яригдана. Хайртай байлаа гээд энэ нь нөгөө хүнийхээ үндсэн эрх, эрх чөлөө рүү халдах үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах нь зүй ёсны зүйл биш.

Хайр сэтгэлийн харилцааг хуулиар зохицуулдаггүй. Хэдийгээр Гэр бүлийн тухай хуульд  гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүрэгтэй гэж байгаа боловч хамтын амьдралынхаа явцад хайр сэтгэлийн холбоо нь хөрөх, эхнэр/нөхөр нь өөр хүнтэй тусдаа амьдрал зохиогоод дундаасаа хүүхэдтэй болсон ийм тохиолдол олон бий. Үүнд хуулиар ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй. Тийм ч учраас хуулиар өөр хүнтэй харилцаа тогтоож, зурвас бичсэн гэдэг үндэслэлээр ял шийтгэл оногдуулдаггүй. Харин та эхнэр/нөхрийнхөө эсхүл найз залуу/охиныхоо өөр хүнтэй харилцсаныг нь цахим сүлжээнд задруулах юм бол ял шийтгэл хүлээх эрсдэлтэй юм.

Хоёрдугаарт. Хариуцлага

Эрүүгийн хуульд гэр бүлийн үнэнч байх үүргээс илүү хүний халдашгүй байх эрхийг дээр эрэмбэлдэг. Тиймээс иргэд маань иймэрхүү асуудлынхаа ялгаа заагийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр таны нөхөр, эхнэр өөр хүнтэй болсон байлаа гээд энэ нь түүний захидал харилцааны болон бусад хувийн мэдээллийг цахим орчинд тавих хангалттай шалтгаан биш. Бүгдийг өөрийн зөв мэт болгох, эсвэл нөхрөө, эхнэрээ цахим сүлжээнд шившиг болгохын тулд ийм үйлдэл хийвэл энэ нь  Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах”, мөн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм.

Тодруулбал, хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авсан, мэдээллээ задруулсан бол Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Харин цахим сүлжээнд нийтэлж, зургийг нь тавиад “Чи ийм балиар, заваан амьтан байхгүй юу” гэх мэтчилэн нийтлэх нь өөрөө ялыг улам хүндрүүлдэг бөгөөд 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харамсалтай нь эдгээр хуулийн зохицуулалтыг иргэд олон нийт сайн мэдэхгүйгээс үүдэн энэ төрлийн гэмт хэрэгт маш их холбогддог. Нөгөөтэйгүүр ийм хуулийн зохицуулалт байдгийг мэдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөөд л яваад байдаг тал бий.

Иймээс иргэд та бүхэн өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг хүндэтгэн, цахим орчин соёлтой оролцож өөрийн болон бусдын хувийн мэдээлэлтэй болгоомжтой харьцаж байхыг зөвлөж байна.

 

[1] Д.Баярсайхан, Эрх зүйн онол, Улаанбаатар хот, 2020 он, 29 дэх тал.