Хуульч А.Гантөгс: Иргэд нотариатын үнэ тарифын талаар мэддэггүй учраас хэлсэн мөнгийг нь төлж байна.

Хуульч А.Гантөгс: Иргэд нотариатын үнэ тарифын талаар мэддэггүй учраас хэлсэн мөнгийг нь төлж байна.

Иргэд хувийн орон сууцаа худалдан борлуулахад нотариатын үйлчилгээний хөлс гэж дөрөв, тав орчим сая төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн 10 хувийг нь авдаг гэх мэтчилэн нотариатын үйлчилгээний хөлс хэт өндөр хэмээн иргэд шүүмжилж байна. Яагаад нотариатын үйлчилгээний хөлс ийм өндөр байгаа вэ. Энэ нь бодит үнийн дүн мөн үү?

-Нотариатын тухай хуульд заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн сайд Монголын нотариатчдын танхимын саналыг үндэслэн нотариатын үйлчилгээний хөлсийг тогтоодог. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны тушаалаар баталсан нотариатын үйлчилгээний хөлсийг одоо бид мөрдөж байна.. Гэхдээ зарим нотариатч үйлчилгээнийхээ хөлсийг сайдын тушаалд заасны дагуу биш, өөрийн хувийн үзэмжээр тогтоож авч байгаа тохиолдлууд бий. Энэ нь Нотариатын тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалыг зөрчиж буй үйлдэл болно.

Үл хөдлөх хөрөнгө зарж борлуулахад үндсэн хөрөнгийн 10 хувийг авна гэдэг бол байж болохгүй зүйл юм. Сайдын тушаалаар баталсан тарифт ийм хэмжээний мөнгөн тариф огт байхгүй. Жишээ нь иргэн нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан бол нотариатч 100 сая төгрөгийн шимтгэл авах болж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Харин Татварын ерөнхий тухай хуульд заасны дагуу худалдаж буй тал нь үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан 2 хувийн татварыг төрд төлдөг зохицуулалттай.  Харин иргэн өөрийн хувийн өмч хөрөнгөө зарж борлуулсныхаа төлөө 10 хувийг нь нотариатчид төлнө гэдэг бол шударга ёсонд нийцэхгүй. Уг нь нотариатын үнэ тарифын мэдээлэл дээр тухайн үйлчилгээнд оногдох тарифыг тодорхой зааж өгсөн.  Мөн худалдагч, худалдан авагч хоёр тал хэдэн төгрөгөөр хөрөнгөө зарж борлуулах нь гтэгш эрхийн үндсэн дээр гэрээний хүрээнд яригддаг асуудал. Хоёр тал хоорондоо ярьж, тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг тогтоох ёстой. Харин нотариатчинд авсан үнээсээ доогуур үнээр зарж болохгүй гэх эрх ч байхгүй.

-Ер нь нотариатын үүрэг юу вэ?

-Нотариатын чиг үүрэг бол зөвхөн үнэн зөвийг гэрчлэх шүү дээ.. Үнэн зөвийг гэрчилснийхээ төлөө сайдын тушаалаар баталсан хөлсөө авах л тогтолцоотой. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгө зарж борлуулахад нотариатч тэдэн төгрөг, тэдэн хувийг нь авна гэж дураараа авирлаж, зоргоороо аашлах эрх байхгүй. Нотариатын тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалыг зөрчсөн гэсэн үг. Энэхүү үйлдлийн төлөө нотариатчийн үйл ажиллагааны зөрчил гэдэг утгаараа Монголын нотариатчидын танхимд гомдол гаргах зохицуулалттай.

-Иргэдийн хувьд ийм байдлаар хохирч буй нь нэг талдаа хуулийн мэдлэг сул байгаатай холбоотой юу?

- Иргэдийн хувьд төдийлөн нотариатын үнэ тарифын талаар сайн мэддэггүй шүү дээ. Тиймдээ ч тэдэн төгрөг гэж хэлэхээр нь шууд төлж байна. Угаасаа ийм л үнийн дүнтэй байх гэх мэт бодолтой явдаг. Мэдээж иргэд тэр бүр сайдын тушаалаар баталсан тарифын хавсралтыг хараад, үнэ тарифын талаарх мэдээлэлтэй танилцах нь ховор байна. Гэвч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох мэдлэг, мэдээллээ сайжруулж байх ёстой.