Иргэд өөрийн төрөл, садан болон найз нөхөдтэйгөө тохиролцон тэдгээрт зээл олгохдоо анхаарвал зохих зарим асуудлын тухай
Иргэдийн хохирч буй энэ асуудлын талаар Та дэлгэрэнгүй ярихгүй юу?
Иргэд гэрээний харилцааны үр дагавар, ач холбогдлын талаар мэдлэг дутуу, хайнга хандаж, сайхан сэтгэлийн улмаас өр төлбөрт орох асуудал түгээмэл байгаа билээ.
Нэгдүгээрт, иргэн банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс зээл авах нь нэг эрх зүйн харилцаа. Түүнийгээ хэрхэн зарцуулах хүнд өгнө үү, хувьдаа зарцуулна уу, хадгална уу гэдэг тухайн хүний эрх.
Хоёрдугаарт, банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс өөрийн нэр дээр авсан мөнгөө хамаатан садан, аав, ээж, найз нөхдөдөө шилжүүлэх, зээлэх нь бас тусдаа эрх зүйн харилцаа юм.
Тодруулбал, өөрийн нэр дээр банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс ах дүү, хамаатан, садан найз нөхдөдөө зээл авч өгдөг. Ингээд тухайн иргэнээс төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс шаардах үед түмэн зовлон тоочдог. Манайхан юу ярьдаг вэ гэвэл “...би төрсөн ахдаа өөрийн нэр дээр банкнаас зээл аваад өгсөн юм аа. Тиймээс тэр хүн энэ зээлийг төлөх ёстой. Анх бид хоёр ингэж тохирсон учраас би төлж чадахгүй...” гэх байдлаар ханддаг.
Харамсалтай нь таны төрсөн ахтайгаа амаар хийсэн тохиролцоо банк санхүүгийн байгууллагад огт хамаагүй. Учир нь банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс авсан зээлийн гэрээний талууд нь зөвхөн та болон банк санхүүгийн байгууллага юм. Та ямар санаа зорилгоор, аль ах дүү хамаатан садны хүсэлтээр банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс зээл авсан эсэх, хэн нэгэнтэй хэрхэн амаар тохиролцоо хийсэн эсэх нь таныг банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийх үндэслэл болохгүй.
Ихэвчлэн иргэд ах дүү хамаатан садан, ах дүү, найз нөхдийн хүсэлтээр тэдний ятгалгаар зээл авсан нөхцөл байдлаа буюу хоорондын тохиролцоогоо баримтжуулж аваагүйн улмаас түүнийгээ шүүхэд нотолж чадахгүй, улмаар өөрөө зээлийн өр төлбөрт орж хохирсоор байна.
Иргэд хоорондын амаар хийсэн тохиролцоог шүүх баримт гэж хүлээж авдаггүй юм. Ингээд иргэд маань тэр ах, дүү төлнө гэж хүлээж, зээлийн төлбөрөө төлөлгүй удааж, цаг хугацаа их алддаг. Үүнээс болоод банканд төлөх хүү, алданги нь улам нэмэгддэг талтай. Тиймээс хувийн харилцааны итгэлцэл болон, мөнгөний асуудлынхаа ялгаа заагийг сайн ойлгох хэрэгтэй байна.
Гэхдээ энэ нь таныг хамаатан садан, ах дүү, найз нөхдөдөө тусалж болохгүй гэсэн үг биш. Хэрэв ямар нэг байдлаар мөнгөтэй холбоотой харилцаанд орох гэж байгаа бол амаар болон хувийн сэтгэл хөдлөлөөр тохиролцоо бүү хий. Харин тохиролцоогоо бичгээр үйлдэх хэрэгтэй. Хоорондын тохиролцоог бичгээр үйлдээгүйгээс зээл болон хүүгийн төлбөрийг өөрөө төлөх цаашлаад хамаатан садан, ах дүү, найз нөхдөөсөө тухайн мөнгө, төлбөрөө буцаан авч чадахгүй байх нөхцөл байдалд орсон хүн олон байна.
Яагаад иргэд бичгээр гэрээ хийхээс илүү амаар тохиролцоо хийгээд байна вэ. Энэ нь монголчуудын тогтсон хандлага уу?
Амаар тохиролцоо хийснээс үүдэн иргэд ийм хэргийн хохирогч болж байгаа. Харин иргэд яагаад амаар тохиролцоо хийгээд байна вэ гэвэл хувийн сэтгэл хөдлөл, итгэлцэл гэх зүйл дээр тулгуурлаад байна. Жишээ нь: багын найздаа өөрийн нэр дээр банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад өглөө. Бичгээр ямар ч гэрээ хийгээгүй. Яагаад гэвэл хар багын найз минь намайг аравхан сая төгрөг дээр мэхэлж, буяндаа бузар хийхгүй гэх мэт иймэрхүү хандлага, итгэл үнэмшлээсээ болдог. Эсвэл энэ хаашаа алга болдог юм гэх мэтчилэн шалтгаантай. Гэтэл мөнгөтэй холбоотой асуудал дээр алга болох, болохгүй нь чухал биш. Баримт л хамгийн чухал юм. Ингээд нөгөө итгэсэн найз нь зээлээ төлөхгүй хаядаг. Нөгөө талд банкнаас зээлсэн 10 сая төгрөг хүүтэйгээ нийлээд 15 сая төгрөг боллоо. Одоо үүнийг хэн төлөх вэ гэх асуудал яригдана.
Амаар тохиролцоо хийсэн нөхцөлд та өөрийн данснаас шилжүүлсэн 10 сая төгрөгөө л найзаасаа нэхэмжлэх боломжтой хэдий ч банкнаас зээлсэн мөнгөнийхөө хүүг нь найзаасаа буцааж авах ямар ч боломжгүй. Учир нь таны найз та хоёрын хоорондын тохиролцооны талаарх ямар ч баримт байхгүй. Тиймээс та өөрөө хүү болон хугацаа хэтрүүлсэн гээд бусад бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Энэ бол маш харамсалтай хэрэг. Өөрөө банкнаас зээл авах ямар ч шаардлагагүй байсан хэр нь найздаа итгээд зээл авч өгсөн. Нөгөө хүн нь төлөхгүй мэхэлдэг, итгэл алддаг, хоорондын сайхан харилцаа мууддаг.
Гомдол гаргах ямар ч боломж байхгүй юу?
Тодорхой баримт байхгүй учраас цагдаа, шүүх хүлээж авахгүй. Мэдээж, хүний амьдрал баялаг. Та аав, ээж, ах дүү, найз нөхөд тэр бүү хэл найз охиндоо өөрийн нэр дээр зээл авч өгч болно. Гол нь бичгээр гэрээ байгуулах ёстой. Та мянга тухайн хүндээ итгэдэг, хайртай байх нь хамаагүй. Энэхүү гэрээг энэ хүний хүслийн дагуу байгуулан зээл авч өгч байгаа. Тийм учраас энэ зээлийн хүү, хугацаа гээд бусад бүх зүйлийг зөвхөн энэ хүн төлж барагдуулна гээд бичгээр үйлдэх хэрэгтэй. Заавал бичгээр баримтжуулж авах ёстой байдаг. Гэвч манай нийгэмд ихэнх тохиолдолд бичгээр гэрээ байгуулаагүй, баримт үйлдээгүйгээс үүдэн өөрөө санхүүгийн бүх эрсдэл, хариуцлагыг үүрдэг. Уг нь бид нэг л зүйлийг ойлгоход болох юм. Мөнгө болон гэрээний харилцаанд итгэлцэл, хайр гэдэг зүйл байдаггүй юм. Ерөөсөө л баримт, хариуцлага гэж зүйл бий.
Тэгвэл иргэд зээлийн харилцаанд орохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
Хэрэв та зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол эрсдэлээ маш сайн тооцох хэрэгтэй. Зээлдэгч гэдэг бол банкнаас авсан зээлээ хүүтэй нь хугацаандаа эргүүлэн төлөх үүрэгтэй этгээдийг хэлдэг. Энэ этгээд өөр хүнд зээл авч өгсөн байна уу, дамжуулсан эсэх нь банканд ямар ч хамаагүй. Хамгийн нийтлэг алдаа бол би төлөхгүй тэр төлнө гэдэг байдлаар иргэд маш их хугацаа алддаг. Банкны хувьд ганц, хоёр удаа шаардахаас биш удаах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл хугацаа алдах тусам хүү нь өснө. Яаж ч байсан та тухайн зээлийг эргүүлэн төлнө. Хамгийн гол асуудал нь илүү өндөр санхүүгийн хариуцлага хүлээх үү, үгүй юу гэдэг л байгаа юм. Харин дараагийн асуудал нь та тухайн хүнд итгээд зээл авч өгсөн харилцаа. Уг нь бүх зүйлийг энэ хүн төлнө гэх агуулгыг ганцхан бичгийн цаасан дээр буулгаад гарын үсэг зуруулахад нэг их цаг хугацаа орохгүй. Энэ бол таван минутын ажил. Дандаа л бид хайхрамжгүй хандлагаасаа болоод хохирдог. Тэгээд хүмүүсийн хоорондох харилцаа улам хүндэрдэг. Хууль шүүхийн байгууллага дээр тулаад ирэхэд ямар ч баримт байдаггүй. Уг нь шүүхийн зарчим маш энгийн шүү дээ. Та яриад байгаа зүйлээ л нотолчих гэдэг.
Иргэдийн нийтлэг алдаж байгаа өөр зүйл бий юу?
Иргэдийн бас нэг алдаад байгаа зүйл бол үр дагаврыг нь ойлгохгүйгээр зээлийн харилцаанд ороод байгаа юм. Хамтран зээлдэгч, барьцаалагч эсвэл өөрийн нэр дээр зээл авч өгч байгаа тохиолдолд эцсийн үр дагаврыг огт тооцдоггүй, боддоггүй. Гарч болох хамгийн муу үр дагаврыг нь тооцоод, үүнээс урьдчилан сэргийлэх байдлаар зээлийн харилцаанд орох хэрэгтэй. Ер нь мөнгөтэй холбоотой харилцаанд орох гэж байгаа бол иймэрхүү эрсдэлийг тооцож байх ёстой. Энэ нь таныг муу хүн болгоно гэсэн үг биш. Харин ч таныг эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр. Хэрэв энэ талаар сайн мэдэхгүй бол утсаар ч болтугай мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Үгүй бол бүх эрсдэлийг өөрөө үүрэхээс өөр аргагүй байдалд хүрнэ шүү. Энэ талын мэдлэг дутуугаас болж олон иргэн бусдад ашиглуулж, хэн нэгний өмнөөс зээл төлөөд явж байна. Энэ бол ганц мөнгөний асуудал биш. Жишээ нь би хүний өмнөөс банканд зээл төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орлоо гэж бодъё. Гэтэл би ганцаараа хохирохгүй. Үүнийг дагаад ар гэрийн бүхий л гишүүд хохирдог. Энэ асуудлыг дуусан дустал таны ар гэрт хэрүүл, маргаан гээд маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр ерөөсөө үр дагаврыг нь сайн тооцоорой гэж зөвлөмөөр байна.