Хуульч Б.Билгүүн: Цэргийн ангид зөвхөн олны анхаарал татсан хэрэг дээр арга хэмжээ аваад, бусдыг нь дараад өнгөрдөг бол ийм асуудал хэзээ ч арилахгүй

Хуульч Б.Билгүүн: Цэргийн ангид зөвхөн олны анхаарал татсан хэрэг дээр арга хэмжээ аваад, бусдыг нь дараад өнгөрдөг бол ийм асуудал хэзээ ч арилахгүй

-Та цэргүүдийн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр хэд хэдэн удаа ажилласан шүү дээ. Тиймээс цэргийн ангийн дүрмийн бус харилцаан дээр юу хэлэх вэ?

-Цэргийн яргалал буюу дүрмийн бус харилцаа гэж тодорхойлдог. Манай дотоодын болон хилийн цэрэгт өмнө нь, одоо ч дүрмийн бус харилцаа байсаар байгаа.

Ер нь амь бөхтэй асуудал. Хүний эрхийн үндэсний комиссоос ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаад Монголын дотоодын, хилийн цэрэгт хүний эрхийн зөрчил байна гэх дүгнэлт гаргасан. Гэтэл манай зэвсэгт хүчний удирдлагууд арьсаа хамгаалсан байдлаар дүрмийн бус харилцаа байхгүй болсон гэдэг. Ямар ч асуудлыг дарж нуух тусам ил гардаг юм. Ил гарсан нь олны анхаарлыг татдаг ч дарга нар ийм зүйл байхгүй хэмээн дахиад л нууж, дарах гэж оролддог.

Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр хоёр удаа дараалан дүрмийн бус харилцааны асуудал гарлаа шүү дээ. “Өмнө үеийн цэргүүд надтай ингэж харьцдаг байсан. Тиймээс би ч дараа үетэйгээ ингэж харьцах ёстой” гэсэн маш буруу хандлага уламжлагдаж ирсэн. “Зодуур даадаг болсон цагт эр хүн, цэрэг болдог” гэх гинжин холбоо үргэлжилж явсаар байгаад саяхан дотоодын цэргийн 05 дугаар ангийн нэг байлдагчийг ярьж, хоол идэж чадахгүй болтол нь хохироолоо. Энэ бол байж болохгүй зүйл.

Эрүүл саруул залуучууд цэрэгт явснаасаа болж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос нь өмнө дарга нар асуудлаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Манай том дарга нарын ахуй амьдрал гайгүй сайн. Өөрсдийн албан тушаалаа хадгалаад явж чадаж байгаа учраас ямар нэгэн зүйлийг өөрчлөх сонирхолгүй. Алба хаагч, офицерууддаа энэ талын асуудал яаж шийдэгддэг талаар нээлттэй ярилцаж, ойлгуулаагүйн улмаас дүрмийн бус харилцаа байсаар байгаа.

-Дотоодын цэргийн 05 дугаар ангид гарсан хоёр цэрэг дараалан зодуулсан хэрэг дээр дарга, удирдлагууд нь ялгамжтай хандаж байна хэмээн олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Олны анхааралд өртсөн, өртөөгүй цэрэг гэдэг дээр нь ялгамжтай хандаад байна шүү дээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж нь яг адилхан.

Дарга нар нэг цэрэг дээр нь хариуцлага хүлээж болдог. Гэтэл нөгөө цэрэг дээр нь олны анхаарал татаагүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээдэггүй ялгамжтай хандаж болохгүй гэх асуудал хөндөгдөж байна. Зөвхөн олны анхаарал татсан дүрмийн бус харилцааны зөрчил дээр өндөр арга хэмжээ аваад, бусдыг нь дараад өнгөрдөг байвал энэ асуудал хэзээ ч арилахгүй. Зарим нь олны анхаарал татаад өндөр хариуцлага хүлээлээ гэхэд “азгүй байлаа даа” гэх агуулгаар асуудалд ханддаг болох эрсдэлтэй. Мөн дотооддоо дарж, нуугаад байхаар хариуцлага хүлээхгүй байж болдог юм байна гэх маш буруу ойлголт сууна. Эхний зодуулсан цэрэг дээр Дотоодын цэргийн дарга нар шууд хэвлэлийн хурал хийгээд, яаралтай арга хэмжээ авсан

 

Мөн гурван дарга нь дараалан огцорсон. Харин хоёр дахь цэргийн гэмтэл бол хүнд. Эрүүг нь гурван удаа хугалсан гэсэн. Хагалгаа амжилттай болсон ч одоог хүртэл хоол идэж, ярьж чадахгүй байгаа, энэ хэрэгт арга хэмжээ аваагүй нам гүмхэн байна. Энэ бол манай төрийн байгууллагуудын дарга нарын гаргадаг харилцаа хандлагын илрэл юм. Ямар нэгэн асуудал үүсээд, олны анхаарлыг татаж, сошиалд сенсаци болох тусам түүнд анхаарч ажилладаг. Гурав, дөрвөөрөө дараалж огцордог. Харин олны анхаарлыг татаж, сенсаци болж чадаагүй асуудлыг дарах, мартуулах сонирхолтой. Зөвхөн цэргийн байгууллага гэлтгүй төрийн болон цагдаагийн байгууллага бүгд ийм. Шүүх дээр ч энэ асуудал хөндөгддөг. Олны анхаарал татсан хэргийг аль болох түргэн шуурхай шийддэг.

-Яагаад юм бол?

-Учир нь олон нийтийн хэл амнаас айдаг юм. Бусад олны анхаарал татаагүй, сенсаци тариагүй ч адилхан хэргүүд дээр хайхрамжгүй хандах гээд байдаг. Хэргийг шийдэхдээ удаашруулдаг, ялгамжтай ханддаг. Намайг өмгөөлөл хийж байх хугацаанд нэг ажиглагдсан зүйл бол улстөрч, дарга нар шүүх, цагдаагаас бол айдаггүй. Харин олны хэл ам, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүмжлэлээс л айдаг юм билээ.

-Та сая олны анхааралд өртсөн, өртөөгүй цэрэг гэдэг дээр нь ялгамжтай хандаад байна гэсэн шүү дээ. Тэгэхээр сошиал орчин хүртэл ялгамжтай болчихсон. Тавилттай жүжиг гэсэн үг үү?

-Хэний хэргийг олны анхаарлын төвд оруулж, мэдээлэх эсэхээ ялгамжтайгаар шийддэг байх жишээтэй. Эхний зодуулсан цэрэг дээр гурван дарга нь огцортол сенсаци тарьсан байна. Хоёр дахь цэргийн нөхцөл байдал бол ямар нэгэн элдэв хачиргүйгээр шууд олны анхаарлын төвд орж, сенсаци үүсгэх хэмжээний. Гэтэл хэрэг гараад 10 хоносон ч сошиал орчин болон эрх бүхий хүмүүс чимээгүй байсаар байна. Аль сенсацийг ямар үед гаргаж ирж, хэнийг золионд гаргах, аль асуудлыг юугаар дарах вэ гэдэг бүхэлдээ улс төрийн тоглоом болчихсон.

-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн зодуулсан цэрэг хагалгаанд орсон ч хоол идэж, ярьж чадахгүй хэвээр байна. Эрх бүхий хүмүүс, байгууллага ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Нэгдүгээрт, тухайн цэргийг зодсон этгээдэд гэмтлийн зэргээс хамаараад Эрүүгийн хэрэг үүснэ. Учирсан хор, хохирлыг тогтоосны дараа ямар зүйл ангиар яллах вэ гэдэг нь шийдэгдэнэ. Хоёрдугаарт, дотоодын цэргийн дүрэм журмаараа цэргийн ангийн удирдлагууд хяналт, шалгалт хийх үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага хүлээнэ. Цол, албан тушаал бууруулах, албан тушаалаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой. Мөн дээрээс нь энэ асуудал ганцхан Эрүүгийн хэргээр шийдэгдэхгүй. Хохирсон этгээд эрүүгийн хэрэг дээрээ сэтгэл санааны хохирлоо шаардаж авах эрхтэй. Цаашлаад Эрүүгийн болон Иргэний журмаараа эрүүл мэндийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлүүлэх эрхтэй. Хөдөлмөрийн чадвараа алдсан бол тухайн хүн насаараа олох ёстой байсан орлого, эмчилгээ, асаргааны зардал гэх мэт эдийн засгийн хохирлоо буруутай этгээдүүдээс гаргуулах ёстой. Хуулиараа эхлээд төрөөс хохирлоо гаргуулна. Үүний дараа төр буруутай этгээд болох офицер, дарга нараас хохирлыг төлүүлнэ.

-Цэрэгт яваад зодуулдаг асуудлыг яавал үндсээр нь үгүй хийх вэ?

-“Надтай ингэж харьцдаг байсан. Цэрэг гэдэг угаасаа ийм байх ёстой” гэх маш буруу ойлголт, хандлагыг халж чадаагүй учраас адилхан эх орны хөвгүүд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа нэг нь насаараа тахир дутуу эсвэл, шоронд орох, шороонд булуулах асуудал гарч байна. Дүрмийн бус харилцаа байх ёсгүй зүйл. Үүнийг дарга, удирдлагууд нуух биш, нээлттэй зарласан цагт л арилна. Цэрэгт байхдаа эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийн ар гэр насаараа хохирч явдаг. Миний нэг үйлчлүүлэгч цэрэгт байхдаа эрүүл мэндээрээ хохироод, 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Аав ээж, ах дүү, эхнэр, хүүхэд нь тухайн хүний өвчнийг дагаж өвчилдөг. Гэр бүлийнхээ бүх орлогыг тухайн хүний эмчилгээнд зарцуулдаг байх жишээтэй. Нэг хүн хохирдог биш, цаана нь маш олон хүн дагаж хохирч байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс нэгнийгээ цэрэгт явсандаа насаараа харамсах нөхцөл байдалд битгий хийгээсэй гэж уриалмаар байна. Цэргийн удирдлагууд асуудлыг нуух биш, нээлттэй мэдээлж, бодитоор шийдэж байх хэрэгтэй.