Хуульч О.Билгүүн Хүн амьдарсаар байхад тог, ус цахилгааныг нь тасалж амьдрах эрхэд халдаж болохгүй

Хуульч О.Билгүүн Хүн амьдарсаар байхад тог, ус цахилгааныг нь тасалж амьдрах эрхэд халдаж болохгүй

ХҮН АМЬДАРСААР БАЙХАД ТОГ, УС, ЦАХИЛГААНЫГ НЬ ТАСАЛЖ АМЬДРАХ ЭРХЭД ХАЛДАЖ БОЛОХГҮЙ

Оршин суугчдыг нь амьдарсаар байхад дахин төлөвлөлтөд хамруулж ус, тог цахилгаан, дулааныг нь салгаж, хаалга цонх, паарыг нь хураасан гэх асуудал үүссэн. Хувь хүн зөвшөөрөөгүй байхад хөрөнгөд нь ингэж халдаж болох уу?

Энэ бол хоёр талтай ойлголт юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хувь хүн үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон түүнийгээ захиран зарцуулах бүрэн эрхтэй. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлахыг хориглодог.

Магадгүй нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд дайчлан авах тохиолдол байдаг. Гэхдээ энэ харилцаа зөвхөн хуулиар зохицуулагддаг. Орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангаагүй орон сууц ашиглахыг хориглоно гэх заалт бий.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд ч ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд хүн амьдрах ёсгүй гэх агуулга байгаа. Ашиглалтын хугацаа дууссан бол төр, иргэн, барилгын компани гэдэг гурван талт этгээд хоорондоо гэрээ байгуулаад тухайн барилгыг дахин төлөвлөлтөд оруулах шаардлага үүсдэг.

Гэвч тус хуульд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн санал буюу зөвшөөрлийг авсан байх ёстой гэх шаардлага тавигддаг онцлогтой.

Дахин төлөвлөлт бол жинхэнэ мөн чанартаа тухайн байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхийн тулд чиглэсэн үйл ажиллагаа. Тиймээс дахин төлөвлөлтийн ажлын явцад оршин суугчид байраа чөлөөлөөд өөр орон сууц хөлсөлж амьдрах бол тус мөнгийг төр, эсвэл төсөл хэрэгжүүлэгч компаниас гаргах хуулийн зохицуулалттай. Мөн шинэ орон сууц баригдаж дуусахад байрандаа орж болно гэх нөхцөлтэй.  

Барилгын компаниас зургаан сарын түрээс өгөх учраас байраа чөлөөлчих. Барилга ашиглалтад орохоор ямар ч алдагдалгүй шинэ байр өгнө гэх санал тавьсан юм билээ. Харин оршин суугчид зургаан сарын дотор шинэ орон сууц барина гэдэгт итгэхгүй байгаа. Мөн энэхүү заасан хугацаанд мөнгө дуусвал яах вэ гэдэгт шийдтэй хариу хэлэхгүй байгаа учраас байраа чөлөөлөхгүй гэсэн. Хуулийн хүрээнд үүнийг шийдэх арга бий юу?

Мэдээж, оршин суугчид шинэ орон сууцанд амьдрахыг хүсч байгаа. Хэн ч хуучин, ашиглалтаас гарсан байранд амьдрахыг хүсэхгүй. Яагаад байраа чөлөөлөхгүй байгаа вэ гэхээр баталгаа хүсээд байна. Нэгдүгээрт, зургаан сарын түрээсийн мөнгө Гэтэл энэ хугацаандаа шинэ аваад гарлаа гэж бодъё. байр ашиглалтад орохгүй бол цаашдаа иргэд хэрхэн амьдрах вэ гэдэг тодорхойгүй. Иргэдийн хувьд эхнээсээ өөрт ямар нэгэн хохиролгүй байдлаар барилгын компани, төртэй гэрээгээ байгуулах ёстой.

Тиймээс эдгээр оршин суугчид шинэ орон сууц ашиглалтад орох буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл өөр газарт байр хөлслөн амьдрах зардлаа төсөл хэрэгжүүлэгч компаниас гаргуулах нөхцөлийг гэрээндээ заавал тусгаж өгөх хэрэгтэй. Гэтэл зургаан сарын түрээс л өгнө гэж байна. Магадгүй зургаан сар бус зургаан жил баригдвал яах вэ. Таван жил хагаст нь оршин суугчид гудамжинд амьдарч байна гэсэн үг үү.

Иймэрхүү хүний эрхийн мэдрэмжгүй, хэт нэг талыг барьсан байж болохгүй. Тиймээс иргэд өөрсдийн хүсэл зорилгоо илэрхийлэх хэрэгтэй. Барилгын компани хугацаандаа орон сууцаа ашиглалтад оруулж чадахгүй бол оршин суугчдад учрах хохирлыг бүрэн төлнө гэх заалтыг тусгаж өгвөл зургаан сарын дараа барилга ашиглалтад ороогүй ч эргээд хохирлоо шаардах боломжтой. Гол нь өөрт хохиролгүй байдлаар гэрээний нөхцөлөө боловсруулсны дараа гарын үсгээ зурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Дахин төлөвлөлттэй холбоотой өөр ямар асуудал үүсдэг вэ?

Байр нь ашиглалтад орохгүй удах тохиолдол байна. Үүнээс үүдэн иргэд хохирсон асуудал олон бий.

Хоёрдугаарт, тухайн байр нь хугацаандаа ашиглалтад орсон ч хуучин оршин суугчид дээрээ шантааж хийгээд байрыг хүлээлгэж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байх нийтлэг асуудлууд бий.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Орон сууцны тухай хуулиудад зааснаар тухайн иргэн шинээр баригдаж байгаа орон сууцны хамгийн эхний өмчлөгч. Тухайн орон сууцыг хэрхэн, яаж захиран зарцуулах эрхийг төр болон барилгын компани эзэмших эрхгүй. Энэ эрхийнхээ хүрээнд гэрээний нөхцөлөө маш сайн тохирох ёстой. Үгүй бол оршин  суугчид хохирсоор байх болно.

Иргэдэд тулгардаг нэг асуудал нь гэрээ байгуулах үед төсөл хэрэгжүүлэгч компани иргэдийн тархийг угаах гэж оролддог юм. Яадаг вэ гэхээр төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс бид ийм л гэрээний нөхцөлтэй учраас та бүгд гарын үсгээ зур.

Манай компани танд зургаан сарын түрээс болон хуучин эзэмшиж байсан тэдэн мКв талбайтай дүйцэх хэмжээний шинэ орон сууц өгнө. Гэхдээ одоо байгаа байршилд чинь өгч чадахгүй гэх жишээтэй.

Дээр нь оршин суугчдад гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэж хэлдэг. Гэвч хуулийнхаа хүрээнд оршин суугчид ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөх албагүй. Харин ч өөрийн санал хүсэлтээ тавьж, шаардах эрхтэй.