Орон сууц захиалгын гэрээнд иргэдийн анхаарвал зохих асуудал
Сүүлийн үед барилгын компаниудын зүгээс орон сууц захиалгын гэрээндээ “хүлцэх алдаа” гэх ойлголтыг нэлээд түгээмэл тусгах болсон байна.
Тодруулбал, захиалагчийн хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 2-3 м.кв дутуу байх тохиолдолд үүнийг “хүлцэх алдаа” гэж үзээд талууд маргах эрхгүй гэх зохицуулалтыг тусгах болжээ. Гэрээний энэхүү нөхцөл заалтаас үүдээд иргэд, захиалагч нар маань орон сууцны талбайн хэмжээ дутуу байсан ч маргах эрхгүй хэмээн хохироод үлдэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Гэтэл гэрээний энэхүү нөхцөл, заалт нь Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгч, захиалагчийн эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл байдаг.
Ийм учраас иргэд, захиалагч та бүхэн гэрээний энэхүү нөхцөл, заалтыг үл харгалзан орон сууцны талбайн зөрүүнд ногдох төлбөр мөнгийг буцаан гаргуулах бүрэн боломжтой.
Эх сурвалж: Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм