Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж болохгүй
Өнгөрдөг онд буюу 2023.12.07-ны өдрийн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлтээр такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож хуульчилсан.
Ингэхдээ зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага такси үйлчилгээ эрхэлж болохоор заасан.
Өөрөөр хэлбэл, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болохгүй, мөн иргэн буюу хувь хүн энэхүү тусгай зөвшөөрлийг авах боломжгүй болж байгаа юм.
Хуулийн энэхүү зохицуулалт нь энэ сард буюу 2024.10.15-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Иймд такси үйлчилгээ эрхэлдэг болон эрхлэх гэж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маань Автотээврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсны дараа такси үйлчилгээ эрхлэх ёстойг хуульчийн зүгээс зөвлөж байна.
Хэрэв хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар хүнийг 5,000,000, хуулийн этгээдийг 50,000,000 төгрөгөөр торгохоор зохицуулсан байна.