Хуульч Б.Билгүүн: ХҮНД ГЭМТ ХЭРГҮҮД ЗАМХРААД ӨНГӨРДӨГ БИШ, ОЛОН ЖИЛИЙН ДАРАА Ч ШИЙДЭГДДЭГ ЮМ БАЙНА ГЭСЭН МЕССЕЖИЙГ НИЙГЭМД ӨГӨХИЙГ ЗОРЬСОН
“Амьдралд хөл тавих сайхан, амжилттай хөл тавих бүр ч сайхан” хэмээх үгийн сайхнаар үйлсээ тэгшилж яваа “Цогц” өмгөөлөл ХХН-ийн партнер өмгөөлөгч Б.Билгүүний өмгөөлөгч болсон долоон жилд юу хийж бүтээснийг, цаашид хэрхэн зорилгоо тодорхойлж яваа тухай онцоллоо. Учир нь тэрбээр ид сурч мэдэх хүслээр жигүүрлэсэн оюутан ахуй цагтаа хамгийн залуу өмгөөлөгч 24 настай байхыг хараад омогшиж, энэ насыг хоёроор урагшлуулна гэсэн зорилго тавьж байжээ. Ийн мөрөөдөл дүүрэн залуу 2017 онд 20 настайдаа “Их засаг” их сургуулиа эрх зүйч мэргэжлээр дүүргээд, 2019 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэн 22 настайдаа хуульч, өмгөөлөгч болж, амьдралд нь нэгэн шинэ хуудас нээгдсэн юм.
Ажлын гараагаа өмгөөлөгчийн туслахаар эхэлж, 2019 онд хууль зүйн зөвлөгөө өгөх бие даасан хуулийн фирмээ нээгээд удаагүй байтал “хань маань 1983 онд цэрэгт байхдаа толгой руугаа буудуулж хүнд гэмтэл авснаас хойш олон газар хандсан ч тусыг эс оллоо, аргаа барж байна” гэсээр нэгэн эмэгтэй зорьж ирсэн нь түүний анхны өмгөөлөл юм. 22-хон настай залуу өмгөөлөгчийн хувьд хүний эрүүл мэнд, амь настай холбоотой 40 орчим жилийн өмнөх хэрэг дээр ажиллана гэдэг халширмаар хэдий ч том сорилт байв. Гэвч залуу насны эр зоригоор гурван жилийн турш үйлчлүүлэгчийнхээ хамт зогсолтгүй явсны дүнд 2022 онд хүсэн хүлээсэн мөч буюу хохирлыг нь төлөх ёстой гэсэн шийдвэр гарч ялалтын тугаа мандуулсан билээ. Тэрбээр энэхүү тод амжилтдаа бардамнахгүйгээр “Энэ бол зөвхөн миний гавьяа биш, үйлчлүүлэгчийн минь чин сэтгэл, намайг гэсэн итгэл, бид хоёрын хамтын хүч” хэмээсний зэрэгцээ үүгээрээ дамжуулан дээрхийн адил хэргүүд замхраад өнгөрдөггүй, олон жилийн дараа ч шийдэгддэг юм байна гэсэн мессежийг нийгэмд өгөхийг зорьсон нь үнэхээр алсын хараа, холч ухаан гэлтэй. Ингэж хэргийг нь үнэн зөвөөр шийдүүлж, нэг өдөр нар харах юмсан гэж санаашран ядарч сөхөрч туйлдсан эмэгтэйд төрсөн хүү мэт тусалсныг түмэн олон санаж байгаа. Үйлчлүүлэгчдийнх туулсан зовлон, түүний өмгөөллийн хугацаа хоёр өдөр шөнө шиг ялгаатай, тэрхүү олон жилийн хүнд хэцүү үедээ огтхон ч сөхөрч сөгдөөгүй, хүний хань гэдэг ямар байдгийг үлгэрлэж яваа хүнд “үгүй” гэж хэлэх эрх байхгүй, чадлынхаа хэрээр туслах ёстой гэсэн сэтгэл түүнийг эргэлзэлгүй хөглөжээ. “Зарцуулсан цаг хугацаа минь ч хайран санагдаагүй. Миний хувьд онцгой хэрэг” хэмээсэн юм.
“Сүүлдээ бид ээж хүү хоёр шиг болтлоо ижилдэн дассан. Бэрх асуудлын цаана ч ямар нэг гарц гаргалгаа байдаг юм шүү гэдгийн бодит жишээ болсон” хэмээн түүний үйлчлүүлэгч Ш.Уранчимэг өгүүлсэн юм. “Мартагдсан гэх хэрэгтэй тэмцэж явахдаа олон эрсдэлтэй тулгарч байсан намайг Б.Билгүүн гэж хурдтай, шуурхай өмгөөлөгч залуу цуцалтгүй ажиллаж бидний талд амжилттай шийдүүлж, гунигт амьдралын минь учгийг тайлсныг насан туршдаа мартахгүй. Өмгөөллийнх нь хөлсийг ч өгч чадахгүй байсан намайг хоёулаа заавал ард нь гарна, эдийн бус хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байдаг юм хэмээхэд сэтгэл дулаацаж, магнай тэнийсэн сэн. Амьдралд минь гэрэл гэгээ, нүдэнд минь оч гэрэлтүүлсэн ачтай буянтай хүү Б.Билгүүн өмгөөлөгчийгөө цаашдаа олон хүнд харамгүй тус хүргэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Үүнээс харахад Б.Билгүүн өмгөөлөгчийг хайрлаж энэрэхүйн үнэ цэнийг бага наснаасаа мэдэрч хөгжиж хүмүүжиж иржээ гэж ам бардан дүгнэж болохоор. Нөгөө талаас өмгөөлөгч залууд хуулийн салбарт хамгийн их тусалж явдаг хүмүүс нь дээд үеийн ах, эгч нар нь байдаг аж. Ямар ч шүүх хуралд дандаа ахмад өмгөөлөгчидтэй ордог учраас тэднээс маш их зүйлийг сурдаг. Ингэснээр ямар ч насны хүмүүстэй амархан үг яриагаа ойлголцдог болсон гэв.
Тэрбээр 2017-2021 онд зөвхөн иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан бол 2021 оноос эхлэн эрүүгийн хэргүүдэд ажиллаж эхэлсэн. Анхнаасаа эрүүгийн хэргүүдэд илүү ач холбогдол өгч өөртөө тодорхой шалгуур тавьж түүнийгээ хангаж, хууль зүйн мэдлэг болон өөрийн төлөвшил, эрүүгийн хэрэгт хандах сэтгэл зүйд маш их анхаарч ажиллаж байгаа нь түүний бас нэгэн арга барил, давуу тал гэлтэй. Эдүгээ иргэн болон эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байгаа.
“Хаана, хэнд хандахаа мэдэхгүй, хэчнээн үнэнээ хэлээд ч хэн ч итгэхгүй, бүгдэд буруутгагдаж ялтан нэрийг нийгмийн өмнө зүүж явсан үйлчлүүлэгчтэйгээ нэг зорилготой шүүх хурлын танхимд ороод үнэн зөвийг хамтдаа хамгаалж, үйлчлүүлэгч маань цагаатгагдан, шүүх хурлын дараа суллагдаад над руу хараад чин сэтгэлээсээ “Баярлалаа өмгөөлөгчөө” гэж хэлсэн нь бусдаас авсан хамгийн их урам зориг байсан даа. Өөрөөр хэлбэл, хүнд тусалсны дараах хамгийн том мэдрэмж юм”.
“Махатма Гандигийн “Өмгөөлөгчийн туйлын зорилго бол сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэхэд оршдог” гэсэн үг миний дотроо бодож явдаг, бүхнийг бүрэн тодорхойлсон үг байсан. Үүнээс улбаатай аль болох маргалдагч талуудыг эвлэрүүлэх зарчмаар асуудалд ханддаг. Өөрийн үйлчлүүлэгч ч, нөгөө талын хүн ч байсан хэн нэгэндээ гомдсон, бухимдсан шалтгааныг олж харан үндсэн маргаан бус тухайн асуудлыг хялбараар хэн хэнд нь ашигтай шийдвэрлэж болдог. Бүгд сэтгэл хангалуун, маргаанаа эцэслэж чадсан үед ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэт мэдрэмж төрдөг. Улмаар надад ямар нэг чимэг тодотголоос илүү бусдад туслах чадварыг бий болгохын тулд хуулийн гарц гаргалгааг зөв ашиглаж сурах нь илүү чухал болохыг ойлгосон. Өмгөөлөгч мэргэжлийн сайхан нь бусдад чин сэтгэлээсээ туслахтай зэрэгцэн түүний амсаж буй зовлон, шаналал, баяр хөөрийг хамт мэдэрдэгт оршдог. Энэ агшин хамгийн ихээр сэтгэлийг минь хөглөж эхнээсээ төгсгөл хүртэл итгэл хөвөрсөөр байдаг” хэмээн мэргэжлээ өнгөлж бадрааж, илүү баялаг болгож яваа өмгөөлөгч залуугийн мэдлэг чадвар улам өсөн тэлж байхын ерөөл өргөе.